Sunday, May 16, 2010

Гэлэн лам Түвдэн Жамц-ДУЛААН СЭТГЭЛ

Хэзээний анд найзууд уулзах болгондоо нэг нэгэндээ амьдарлаа ярьцгааж, баяр жаргалд нь баясаж, зовлонд нь хамт харуусдаг. Бусдын жаргалд баясах хийгээд түүнтэй холбоотой зүрх сэтгэлээрээ дулаан дотно байх нь хайрын гол утга билээ. Энд өгүүлж байгаа халуун зүрх сэтгэлийн хайр энэрэнгүй сэтгэлийн суурь болдог, яагаад гэвэл, хайрладаг хүмүүсийн сэтгэл зовлонтой байгааг мэдвэл тэднийг зовлонгүй болгох энэрэнгүй хүсэл төрдөг. Асрал хайр буюу хайр ба энэрэнгүй сэтгэлийн хослолын Бурханы шашинд хамгийн дээд, сэтгэлийн гүйцэд боловсрол гэж дээдлэн үздэг. Асрал хайр нь хамаг жаргалын эх булаг бөгөөд энэ ертөнцийн хамгийн үнэт зүйл юм.
Асрал хайр нь амьдралыг тэтгэгч рашаан билээ. Эх хүн хөхөөрөө үрийнхээ биеийг өсгөдөг шиг зүрхнийхээ асрал хайрын илчээр ухааныг нь тэжээн торниулдаг. Хайр энхрийлэл үзээгүй хүхэд сэтгэл санааны хямралтай, тэр байтугай сэтгэц мэдрэлийн тогтолцоо нь доголдолтой болдогийг анагаах ухаан зөвшөөрч байна. Зөвхөн нялх хүүхдүүд биш. Бид бүгдээрээ амьдралынхаа турш аз жаргалтай, бие сэтгэлийн амгаланд оршихын тулд бусдын асрал хайрд шүтэж байдаг. Яагаад ийнхүү шүтэлцээтэй байна вэ гэвэл, хэдийгээр эхийн хөхнөөс гарсан боловч элэг зүрхнээс нь холдоогүй байдагтай холбоотой. Тиймээс ч эхийн хайр эхнэр нөхөр, найз нөхдийн асрал хайрын хэлбэрээр хэрэгтэй болж, бүр заримдаа эрж шаарддаг. Тийм байх албагүй юм. Жинхэнэ том болсон хүн бол амьдралын дээд аз жаргал нь бусдаас хүртээх хайраас үүдэлтэйг ойлгон, түүнийг ч биелүүлж байгаа, эхийн хайр дутагдахаас чөлөөлөгдсөн хүнийг хэлнэ. Бусдыг төгс хайрлах хэмжүүр нь эхнэр нөхөр, найз нөхдийгөө хайр шаардах хорт зуршлаас нь тэвчээртэйгээр хөтлөн гаргах юм. Тэд ч мөн адил хариу нэхэлгүйгээр бусдыг аз жаргалтай болгох эрх чөлөөт сэтгэлийн цэнгэлийг нээж болно шүү дээ. Гүн талаас нь үзвэл, асрал хайр нь энэ дэлхийн хамаг жаргалын эх сурвалж юм, учир нь, жаргалтай болоход шаардлагатай дотоод нөхцлүүдийг бий болгодог. Жаргал эдлэхийн тулд тухайн сайхан зүйл байхаас гадна зөв сэтгэлийн болон буянт үйлийн чадамж хоёрын дотоод нөхцлүүд хэрэгтэй. Энэ чадамж бол урьд үйлдсэн хорлолгүй үйлийн үр дагавар бөгөөд хорлолгүй зан төлөвтэй болохын тулд сайхан сэтгэлтэй хөтлөгчийн үлгэр дуурайл хэрэгтэй болдог, үүнд Христ хийгээд Бурхан багш нар юм. Эдгээр хөтлөгч нар өөрсдийн асрал хайраар бусдыг сайн сайхан зан төлөвт удирдан чиглүүлдэг. Тэдэнд өөр бусад зорилго үгүй.
Далаад оны дундуур Бурханы шашинтан болохоос өмнө Төвдийн анагаах ухаан сонирхдог сонирхолдоо хөтлөгдөн би Энэтхэгийн хойд нутагт очиход Дарамсалад суудаг Дулмаа гэдэг уламжлалт анагаах ухааны төвд эмчтэй танилцсан юм. Гималай уулын бэлд Дээрхийн гэгээн Далай лам багштан болон Төвд цагаачид суудаг тэр газар Төвдийн Анагаах ухааны төв нь сургалт, эмчилгээний үйл ажиллагааг нэгэн зэрэг явуулж байсан юм. Дулмаа эм намайг дагуулж, ажлаа ажиглуулахыг зөвшөөрсөн ба өвчтөнүүдээ үзэж байхад Дулмаа эмчийн ажлын өрөөг өөрийн саяхан ажиллаж байгаад ирсэн Австралийн хүнгүй шахам тасгуудтай харьцуулахгүй байж чадахгүй байлаа. Харьцуулах ямар ч боломжгүй байсан юм. Судас барих болон шээсний хөөсөөр оношлох аргууд нь нэг хэрэг, өвчтөнтэйгээ харьцах байдлаараа үлэмж их ялгаатай байлаа. Тэр өвчтөнүүдээ энэрч, өвчтөнүүд түүнийг хайрлаж байсан юм. Эмнэлэг тэр аяараа асрал хайрын илчээр дүүрэн байсан нь өвчтөнүүдийг хүн гэхээс илүү "өвчин" гэж үздэг миний ажиллаад ирсэн хүний төлөө мэдрэмжгүй эмнэлгийн уур амьсгалаас тэс өөр байлаа. Тэрээр оношилгоо, эмийн ургамлаар гайхамшигтай эмчлэх арга барилтайн дээр сайн эмч гэж нэртэй болсон нь Дулмаа эмчийн асрал хайрын хүчтэй холбоотой гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байлаа.
Барууны анагаах ухааны эмч гэж би биеэ тоосон бардам зантай байсан ч гэсэн Дулмаа эмч надад Төвдийн анагаах ухаанаас зааж өгөхийг зөвшөөрлөө. Надад судас барих, шээсний шинжилгээг тайлбарлаж заасан боловч асрал хайрын тухай ганц үг цухуйлгаагүй билээ. Ердөө л өөрөө харуулсан юм. Хожим нь би Төвдийн анагаах ухааныг гүнзгийрүүлэн судалж байхдаа сурах бичгийн ёс суртахууны тухай бүлэг нь зөвхөн асрал хайрлалын тухай өгүүлсэнийг мэдэж авч билээ. Манай Анагаах ухааны сургуулийн ёс суртахууны лекцүүд нь эмчилгээний асуудлаар шүүхэд дуудагдахаас хэрхэн зайлсхийх тухай байсан даа. Асрал хайрлалын тухай юу ч байгаагүй.
Бурхан бол ариун, болзолт бус, асрал хайрлалын сэтгэлтэй болоход учирдаг саад тотгор бүхнийг даван гэтэлсэн, асрал хайрлалыг үйл хэрэгтээ хүчлэлгүй хэрэгжүүлж чадах билиг ухаан, хүч чадалтай гэгээрсэн хүнийг хэлнэ. Бурханы даван туулж чадсан тэдгээр тотгорууд нь аминч бодол, уур, шунал, омог бардам зэрэг хорт сэтгэлийн хэлбэрээр илрэн гардаг, өөрийн тухай дотоод, буруу бодлоос үүсэлтэй. Бидний бодож байгаагаар "би" оршдоггүй гэдгийг оносон билиг ухаан нь тэдгээр саад тотгорын ерөндөг юм. Тиймээс Бурханы шашины шүтээн, тэмүүлэл нь дотоод билиг ухаан хийгээд асран хайрлах сэтгэлийг олоход оршдог. Асрал хайрлал, өөрийгөө золиосолсны бэлэг тэмдэг болсон загалмайг Христосууд шүтэж, түүнд залбирснаар аминч сэтгэлээ дарж, сэтгэлдээ билиг ухаан,асрал хайрыг цогцлоох зориг тэмүүлэлтэй болохыг хүсдэг шиг Бурханы шашинтнууд билиг ухаан хийгээд асрал хайрыг төрүүлж сурахын тулд гадаад бэлгэ тэмдэг болох 26 метр өндөр гайхамшигт Энэрэн нигүүлсэхүйн бурхан Жанрайсиг бурханыг Улаанбаатар хотод Гандан хийдэд шүтэж байна. Бурханы шашины үүднээс бол золиосолж байгаа "би" нь оршин буй хүн бус харин алдаатайгаар "би мөн" хэмээн бодох тэр "би"-г л зольдог. "Би"-г золиослох утга нь үнэндээ хуурмаг үзлийг үгүй болгоход л оршино.
Жанрайсиг бурханы баруун мутарт амьдралыг тэтгэгч мөнхийн рашааан болох асрал хайрын бумба байна. Зүүн мутарт ямар ч хиргүй гайхамшигт тунгалаг толь байх бөгөөд бодит байдлыг илт үзэх билгүүнийг билгэддэг. Энэхүү төгс байдал нь Жанрайсиг бурханы зүрхэн тарни ОМ МАНИ БАДМЭ ХУМ-д багтддаг. ОМ нь Бурханы бүх эрдам чадал. МАНИ нь асрал хайрын эрдэнэ. БАДМЭ нь билгүүний лянхуа. ХУМ нь билиг ухаан ба энэрэн нигүүлсэлийг сэтгэлд нэгдмэл болгохыг тус тус бэлгэддэг. Энэ маанийг уншиж байх үедээ хүмүүс, "Би билгүүий лянхуан дахь асрал хайрлалын эрдэнэ болсон Бурхан лугаа адил гэгээрнэ" гэж бодож байх ёстой.
Бурханы шашинтнууд билиг ухаан хийгээд энэрэнгүй сэтгэлийг дотоод сэтгэлдээ төрүүлэх гэж түүнд шүтэн мөргөдөг бөгөөд тэд гадаад материаллаг эд юмс, алт, мөнгө, эсвэл банкны зузаан дэвтэр зэргээс аврал, аз жаргалыг эрдэг мод чулуунд сүсэглэгчид биш юм. Бурханы шашиныг ингэж мод чулуун барималд шүтэгч гэж үзэх нь мунхаглал хийгээд мухар үзлийн туйлын хязгаар юм. Бурхан багш, энэрэнгүй сэтгэл болон билиг ухааны үнэн нь түгээмэл бодит байдал мөн хэмээн сургажээ, энэ үнэн бол Бурханы шашин ч бай өөр ямар ч шашины ганц өмч бус.
Өнөөдөр Монголын ард түмэн өөрийн Бурханы шашины үлэмжийн гайхамшигт өв уламжлалаа алдах аюултай үед ирсэн байгаа нь нэн гунигтай. Энэ үед Жанрайсиг бурханы баруун мутарт байх рашааны оронд зарим Монголчууд орос архийг харж буй цөвүүн цаг иржээ

No comments:

Post a Comment