Sunday, May 16, 2010

Гэлэн лам Түвдэн Жамц-ДУЛААН СЭТГЭЛ

Хэзээний анд найзууд уулзах болгондоо нэг нэгэндээ амьдарлаа ярьцгааж, баяр жаргалд нь баясаж, зовлонд нь хамт харуусдаг. Бусдын жаргалд баясах хийгээд түүнтэй холбоотой зүрх сэтгэлээрээ дулаан дотно байх нь хайрын гол утга билээ. Энд өгүүлж байгаа халуун зүрх сэтгэлийн хайр энэрэнгүй сэтгэлийн суурь болдог, яагаад гэвэл, хайрладаг хүмүүсийн сэтгэл зовлонтой байгааг мэдвэл тэднийг зовлонгүй болгох энэрэнгүй хүсэл төрдөг. Асрал хайр буюу хайр ба энэрэнгүй сэтгэлийн хослолын Бурханы шашинд хамгийн дээд, сэтгэлийн гүйцэд боловсрол гэж дээдлэн үздэг. Асрал хайр нь хамаг жаргалын эх булаг бөгөөд энэ ертөнцийн хамгийн үнэт зүйл юм.
Асрал хайр нь амьдралыг тэтгэгч рашаан билээ. Эх хүн хөхөөрөө үрийнхээ биеийг өсгөдөг шиг зүрхнийхээ асрал хайрын илчээр ухааныг нь тэжээн торниулдаг. Хайр энхрийлэл үзээгүй хүхэд сэтгэл санааны хямралтай, тэр байтугай сэтгэц мэдрэлийн тогтолцоо нь доголдолтой болдогийг анагаах ухаан зөвшөөрч байна. Зөвхөн нялх хүүхдүүд биш. Бид бүгдээрээ амьдралынхаа турш аз жаргалтай, бие сэтгэлийн амгаланд оршихын тулд бусдын асрал хайрд шүтэж байдаг. Яагаад ийнхүү шүтэлцээтэй байна вэ гэвэл, хэдийгээр эхийн хөхнөөс гарсан боловч элэг зүрхнээс нь холдоогүй байдагтай холбоотой. Тиймээс ч эхийн хайр эхнэр нөхөр, найз нөхдийн асрал хайрын хэлбэрээр хэрэгтэй болж, бүр заримдаа эрж шаарддаг. Тийм байх албагүй юм. Жинхэнэ том болсон хүн бол амьдралын дээд аз жаргал нь бусдаас хүртээх хайраас үүдэлтэйг ойлгон, түүнийг ч биелүүлж байгаа, эхийн хайр дутагдахаас чөлөөлөгдсөн хүнийг хэлнэ. Бусдыг төгс хайрлах хэмжүүр нь эхнэр нөхөр, найз нөхдийгөө хайр шаардах хорт зуршлаас нь тэвчээртэйгээр хөтлөн гаргах юм. Тэд ч мөн адил хариу нэхэлгүйгээр бусдыг аз жаргалтай болгох эрх чөлөөт сэтгэлийн цэнгэлийг нээж болно шүү дээ. Гүн талаас нь үзвэл, асрал хайр нь энэ дэлхийн хамаг жаргалын эх сурвалж юм, учир нь, жаргалтай болоход шаардлагатай дотоод нөхцлүүдийг бий болгодог. Жаргал эдлэхийн тулд тухайн сайхан зүйл байхаас гадна зөв сэтгэлийн болон буянт үйлийн чадамж хоёрын дотоод нөхцлүүд хэрэгтэй. Энэ чадамж бол урьд үйлдсэн хорлолгүй үйлийн үр дагавар бөгөөд хорлолгүй зан төлөвтэй болохын тулд сайхан сэтгэлтэй хөтлөгчийн үлгэр дуурайл хэрэгтэй болдог, үүнд Христ хийгээд Бурхан багш нар юм. Эдгээр хөтлөгч нар өөрсдийн асрал хайраар бусдыг сайн сайхан зан төлөвт удирдан чиглүүлдэг. Тэдэнд өөр бусад зорилго үгүй.
Далаад оны дундуур Бурханы шашинтан болохоос өмнө Төвдийн анагаах ухаан сонирхдог сонирхолдоо хөтлөгдөн би Энэтхэгийн хойд нутагт очиход Дарамсалад суудаг Дулмаа гэдэг уламжлалт анагаах ухааны төвд эмчтэй танилцсан юм. Гималай уулын бэлд Дээрхийн гэгээн Далай лам багштан болон Төвд цагаачид суудаг тэр газар Төвдийн Анагаах ухааны төв нь сургалт, эмчилгээний үйл ажиллагааг нэгэн зэрэг явуулж байсан юм. Дулмаа эм намайг дагуулж, ажлаа ажиглуулахыг зөвшөөрсөн ба өвчтөнүүдээ үзэж байхад Дулмаа эмчийн ажлын өрөөг өөрийн саяхан ажиллаж байгаад ирсэн Австралийн хүнгүй шахам тасгуудтай харьцуулахгүй байж чадахгүй байлаа. Харьцуулах ямар ч боломжгүй байсан юм. Судас барих болон шээсний хөөсөөр оношлох аргууд нь нэг хэрэг, өвчтөнтэйгээ харьцах байдлаараа үлэмж их ялгаатай байлаа. Тэр өвчтөнүүдээ энэрч, өвчтөнүүд түүнийг хайрлаж байсан юм. Эмнэлэг тэр аяараа асрал хайрын илчээр дүүрэн байсан нь өвчтөнүүдийг хүн гэхээс илүү "өвчин" гэж үздэг миний ажиллаад ирсэн хүний төлөө мэдрэмжгүй эмнэлгийн уур амьсгалаас тэс өөр байлаа. Тэрээр оношилгоо, эмийн ургамлаар гайхамшигтай эмчлэх арга барилтайн дээр сайн эмч гэж нэртэй болсон нь Дулмаа эмчийн асрал хайрын хүчтэй холбоотой гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байлаа.
Барууны анагаах ухааны эмч гэж би биеэ тоосон бардам зантай байсан ч гэсэн Дулмаа эмч надад Төвдийн анагаах ухаанаас зааж өгөхийг зөвшөөрлөө. Надад судас барих, шээсний шинжилгээг тайлбарлаж заасан боловч асрал хайрын тухай ганц үг цухуйлгаагүй билээ. Ердөө л өөрөө харуулсан юм. Хожим нь би Төвдийн анагаах ухааныг гүнзгийрүүлэн судалж байхдаа сурах бичгийн ёс суртахууны тухай бүлэг нь зөвхөн асрал хайрлалын тухай өгүүлсэнийг мэдэж авч билээ. Манай Анагаах ухааны сургуулийн ёс суртахууны лекцүүд нь эмчилгээний асуудлаар шүүхэд дуудагдахаас хэрхэн зайлсхийх тухай байсан даа. Асрал хайрлалын тухай юу ч байгаагүй.
Бурхан бол ариун, болзолт бус, асрал хайрлалын сэтгэлтэй болоход учирдаг саад тотгор бүхнийг даван гэтэлсэн, асрал хайрлалыг үйл хэрэгтээ хүчлэлгүй хэрэгжүүлж чадах билиг ухаан, хүч чадалтай гэгээрсэн хүнийг хэлнэ. Бурханы даван туулж чадсан тэдгээр тотгорууд нь аминч бодол, уур, шунал, омог бардам зэрэг хорт сэтгэлийн хэлбэрээр илрэн гардаг, өөрийн тухай дотоод, буруу бодлоос үүсэлтэй. Бидний бодож байгаагаар "би" оршдоггүй гэдгийг оносон билиг ухаан нь тэдгээр саад тотгорын ерөндөг юм. Тиймээс Бурханы шашины шүтээн, тэмүүлэл нь дотоод билиг ухаан хийгээд асран хайрлах сэтгэлийг олоход оршдог. Асрал хайрлал, өөрийгөө золиосолсны бэлэг тэмдэг болсон загалмайг Христосууд шүтэж, түүнд залбирснаар аминч сэтгэлээ дарж, сэтгэлдээ билиг ухаан,асрал хайрыг цогцлоох зориг тэмүүлэлтэй болохыг хүсдэг шиг Бурханы шашинтнууд билиг ухаан хийгээд асрал хайрыг төрүүлж сурахын тулд гадаад бэлгэ тэмдэг болох 26 метр өндөр гайхамшигт Энэрэн нигүүлсэхүйн бурхан Жанрайсиг бурханыг Улаанбаатар хотод Гандан хийдэд шүтэж байна. Бурханы шашины үүднээс бол золиосолж байгаа "би" нь оршин буй хүн бус харин алдаатайгаар "би мөн" хэмээн бодох тэр "би"-г л зольдог. "Би"-г золиослох утга нь үнэндээ хуурмаг үзлийг үгүй болгоход л оршино.
Жанрайсиг бурханы баруун мутарт амьдралыг тэтгэгч мөнхийн рашааан болох асрал хайрын бумба байна. Зүүн мутарт ямар ч хиргүй гайхамшигт тунгалаг толь байх бөгөөд бодит байдлыг илт үзэх билгүүнийг билгэддэг. Энэхүү төгс байдал нь Жанрайсиг бурханы зүрхэн тарни ОМ МАНИ БАДМЭ ХУМ-д багтддаг. ОМ нь Бурханы бүх эрдам чадал. МАНИ нь асрал хайрын эрдэнэ. БАДМЭ нь билгүүний лянхуа. ХУМ нь билиг ухаан ба энэрэн нигүүлсэлийг сэтгэлд нэгдмэл болгохыг тус тус бэлгэддэг. Энэ маанийг уншиж байх үедээ хүмүүс, "Би билгүүий лянхуан дахь асрал хайрлалын эрдэнэ болсон Бурхан лугаа адил гэгээрнэ" гэж бодож байх ёстой.
Бурханы шашинтнууд билиг ухаан хийгээд энэрэнгүй сэтгэлийг дотоод сэтгэлдээ төрүүлэх гэж түүнд шүтэн мөргөдөг бөгөөд тэд гадаад материаллаг эд юмс, алт, мөнгө, эсвэл банкны зузаан дэвтэр зэргээс аврал, аз жаргалыг эрдэг мод чулуунд сүсэглэгчид биш юм. Бурханы шашиныг ингэж мод чулуун барималд шүтэгч гэж үзэх нь мунхаглал хийгээд мухар үзлийн туйлын хязгаар юм. Бурхан багш, энэрэнгүй сэтгэл болон билиг ухааны үнэн нь түгээмэл бодит байдал мөн хэмээн сургажээ, энэ үнэн бол Бурханы шашин ч бай өөр ямар ч шашины ганц өмч бус.
Өнөөдөр Монголын ард түмэн өөрийн Бурханы шашины үлэмжийн гайхамшигт өв уламжлалаа алдах аюултай үед ирсэн байгаа нь нэн гунигтай. Энэ үед Жанрайсиг бурханы баруун мутарт байх рашааны оронд зарим Монголчууд орос архийг харж буй цөвүүн цаг иржээ

Saturday, May 1, 2010

Зопа ринбүүчий багшийн минь "Зовлонг Амгаланд урвуулахуй" номноос


1. Та бусдад туслахын тулд л энэхүү эрдэнэт хүний биеийг олжээ.
2. Бэрхшээлд хандах хандлагаа өөрчил, мөхөөлдөст дурлах, хөгжимд дурлах бодол зөнгөөрөө үүсэх адил зовлонд тэр мэт дурлах ёстой.
3. Амгалан хийгээд зовлон нь таны сэтгэлээс, түүнийг хэрхэн тайлбарласнаас шүтэн гардаг. Тэдгээр нь гадаад ертөнцөөс, бусдаас ирдэггүй. Таны хамаг амгалан хийгээд зовлон нь таны бүтээл, таны өөрийн сэтгэлийн бүтээл юм.
4. Уур хилэнгийн шанал нь зүрхэн дотор улалзах галт нүүрс лугаа адил юм.
Шуналаа дагаваас хэзээ ч сэтгэл ханахгүй.
Шамдаж дахинтаа шуналаа дагаваас дахиад л ханахгүй.
Бас дахинтаа нэг дагаад ч ханахгүй.
5. Хүсээгүй байдлыг хүсмээр байдалд таних нь сэтгэл оюуныг судлах хамгийн хүчтэй арга мөн. Энэ нь зовлонг амгаланд хувиргах зам болой.
6. Хүсээгүй өчүүхэн зүйл бүрийг бусад бүх амьтны өмнөөс эдэл.
7. Амин зөвлөгөө-Гаднаас амгаланг эрэхэд итгэж үл болмуй. Сэтгэл үл ханах хийгээд эцэс төгсгөлгүй зовлонд нэрвэгдэн хүч барагдамуй.

Далай багшийн ерөөл залбирал

1. Эх болсон хамаг амьтныг би бээр


Энгүй хүслийн чандмань эрдэнэд санаж


Үлэмж зарлигыг гүйцэлдүүлэх үүднээс


Үргэлж тэднийг дээдлэх болтугай


2. Хаана ч , хэнтэй ч явсан би бээр


Хэзээд өөрийгөө бусдаас дор санаж


Өр зүрх, чин сэтгэлээсээ


Оройдоо тэднийг дээдлэх болтугай


3. Би бээр үйлдэл бүртээ сэрэмжлэх болтугай


Хамгийг болон өөрийгөө хөнөөгч


Хилэнцэт санаа төрөх даруйд


Би бээр түүнийг сэтгэлээсээ таягдах болтугай


4. Хилэнцэт дуршил хийгээд зовлондоо


Гаслан шаналсан амьтадтай учирахад


Ховор эрдэнэ олсон мэт


Би бээр тэднийг дээдлэх болтугай


5. Хэдийд ч гэсэн бусад хүмүүс атаархан


Хилс гүжрээр намайг дайран доромжловч


Ялалтыг зөвхөн тэдэнд зориулах буюу


Ялагдлыг би бээр өөртөө хүлээх болтугай


6. Миний тус хүргэсэн эсвэл


Миний итгэл хүлээсэн нэгэн


Тусыг минь усаар хариулавч


Түүнийг сайн анд хэмээн үзэх болтугай


7. Би бээр шууд хийгээд шууд бусаар ачлан үйлдъе


Тэдний шаналан энэлэх зовлон бүгдийг нь


Би бээр өөртөө авах болтугай


Ертөнцийн найман номны шавар балчигт


Ер номд суралцагсад шигдэлгүй ариун байх болтугай


Тэдний юмс бүхэн зэрэглээ мэт болохыг ухааран


Юунд ч эс тачаан, мунхагийн хүлээснээ алдрах болтугай ,тэд!

Зопа ринбүүчий багш

Хүчтэй салхинд үүл хөөгдөж, тэнгэр цэлмэдгийн адилаар сэтгэлийн мөн чанарыг таньсан саруул билиг билгүүн төрөхийн хамтаар би-д барихын бараан үүл сарнин одно.
Орчлонгийн жаргал цэнгэлд цоо шинэхэн зүйл гэж нэгээхэн ч үгүй. Тиймээс тэр мэт лүгээ шунаж, орчлонгийн үндсийг батжуулахаа хорь.
Өрөөл бусдыг өөр шигээ эрхэмлэж эхэлмэгц л таны амьдралын төгс жаргалангийн наран мандана.
Хүний урьдын мунхаг үйлийг ухаарч, уучилж чаддаг болохын үестээ л бид сая өөрсдийн их эрч хүчийг олж эдүгээгийн \элдэв\ бэрхшээлийг үр дүнтэй шийдвэрлэх юм.
Ертөнцийн жаргал цэнгэлд шунан баримтлах хийгээд хүсэмжлэх нь бидний сэтгэлийг гол төлөв хангадаггүй юм. Харин ч сэтгэл улам бүр ханахыг үл мэдээд илүү галзуу солиотой мэт аяглах үндэс болдог ажээ.

Эвэршээл зовлон бүхэн өөрийн тань үзлээс үүдэж буйг, мөн өөрийн эндүү үзлийг жинхэнэ бэрхшээл зовлон мөн гэж таниваас бусдыг буруутгах аргагүй болно

Гэлэн лам Түвдэн Жамц - Энэрэнгүй сэтгэл

Энэрэнгүй сэтгэл бол амьдралын гачаал, зовлон тулгарсан нэгнийг ойлгон мэдэрч, тэдэнд туслах санаа бүхий буяны сэтгэл бөгөөд энэ сэтгэлийг их шашнууд дээдлэн хүндэлж, номлодог билээ. Энэрэнгүй сэтгэл нь Бурханы шашинтан хүний амьдрах хэв маягийн хоёр тулгуурын нэг нь бөгөөд удаах нь, бидний зовлонгийн уг гарвал ба түүнээс гэтлэн гарч түр зуурын хийгээд туйлын амар амгаланд хүрэх аргыг танин мэдэх билиг ухаан байдаг. Өөрийн дүр төрхийн (имиж) хуурамч мөн чанарыг алдаагүй үнэхээр таньсан билиг ухаан нь муу сэтгэлийн үндэсийг тасалж, үүрдийн амгаланг олгодог. Өөрийгаа хэрхэн авч үзэх талаархи төөрөгдөл нь амьдарлын хүрдэнд олон дахин төрөл авахад хүргэдэг. Бурхан багшийн сургаал ёсоор, буяны үйл нь их амгалан орны тэнгэр хийгээд хүний төрлийг олоход хүргэдэг бол нүглийн үйл нь адгуус, тамын амьтан, цөл газрын өлсгөлөн бирд болж төрөхөд хүргэдэг. Эдгээр бүх төрлүүд түр зуурын байдаг учраас удалгүй үхэж, үйлийн үрээсээ хамааран өөр төрөлд төрцгөөдөг. Энэ хүрдний хаана ч бодит байдлын тухай төөрөгдөл болон түүнээс үүдэн гардаг зовлонгоос эрх чөлөөгүй байх учраас хүрдэн дотор төрөл авдаг бүх төрөлхтөнийг энэрэнгүй сэтгэлээр тэтгүүштэй.
Сансарын хүрдэнд хүлж байгаа цалмыг тасалсан цагт л гагцхүү зовлонгоос бүрэн гэтэлнэ. Энэ бол бүхнийг устгаж үгүй болгох юмуу бусдыг орхиж байгаа хэрэг бус. Энэ бол жирийн амьдралд тохиолдох бэрхшээлд хорлогдолгүй эрх чөлөөтэйгээр оролцох буюу энэ ертөнцөд байгаа хэрнээ энэ ертөнцийнх биш байхыг хэлж байгаа юм. Ийм байхыг хичнээн их хүсэж залбирдаг билээ дээ ?
Хэдийгээр бид тодорхой хэмжээгээр энэрэнгүй сэтгэлтэй боловч голдуу жигд бус бөгөөд хүчгүй байдаг. Зарим хүмүүсийг хайрлан, нөгөөд дургүй хүрнэ, дуртай хүмүүстэйгээ ч гэсэн тодорхой хязгаарт нөхөрлөдөг. Миний анхны лам багш нарын нэг Түвдэн Ешэ багш барууны орны шавь нарынхаа хооронд болдог өчүүхэн юманд маргаж, өрсөлдөж, атаархаж , уурлах гэх мэт байдлыг анзааран, тэдэнд хандаж: "Та нар хүмүүс байж нэг нэгийгээ гэрийн тэжээврээ хайрлахаас ч доор байгааг хараад би гайхширч байна" гэж билээ.
Би одоо хүртэл ийм нэг бэрхшээлтэй тэмцсээр байгаа. Үүнд: надад дургүй юмуу үнэлэмжийн хувьд тэс өөр хүмүүсийг энэрнэ, сайн сайханд нь санаа тавина гэдэг хэцүү байдаг. Хүн өөрийн өссөн нийгмийнхээ ёс суртахуунд тулгуурласан ертөнцийг үзэх үзэлтэй болж, өөрт хуримталсан туршлага, итгэл үнэмшилээр цутгасан хэв загварт орсон байдаг. Хүн бүр өөрийнхөө үнэлэмжийг мэдээж хамгийн зөв гэж боддог, хэрвээ тэгж боддоггүй бол түүнийг баримтлахгүй шүү дээ. Өөрийгөө төвчлөх дотоод үзлээс шалтгаалж бидний үзэл бодол амиа хичээх бодлоор бохирддог тул бусдын үзэл бодлыг ойлгох юмуу хүлээн зөвшөөрөхөд хаалт болдог. Үүнээс болж өөрчлөлтөнд эсэргүүцдэг. Өөр сонголтын хандлагад нүдэн балай болж, өөрийн бодолдоо хөдөлшгүй хатуу зогсож, түүндээ мугуйдлан туйлшрагч хүн болон хувирч энэрэхүй сэтгэлийг огоорч орхидог.
Тийм биш байхыг би өөрөө хичнээн хүсэвч өөрийгөө мугуйдлагч гэдгээ мэдэрдэг. Гэхдээ тийм ч бүр хөдөлшгүй хатуу биш байж магадгүй, Ешэ лам багшийнхаа бусдыг ажиглаад, үзэл бодлыг нь хүндэлж үзэхдээ гайхамшигтай уян хатан, түвшинд нь харьцдаг чадварыг нь дуурайх бололцоо байгаа. Энэ нь өөрийгөө доорд түвшинд аваачиж байгаа юм шиг санагдах юмуу тийм ч байж магадгүй, гэхдээ өөрийгөө доошлуулж байгаа хэрэг мөн, биш эсэх нь тухайн хүний чин энэрэнгүй сэтгэл хийгээд түүний тулгуур билиг ухаанаас хамааралтай.
Өөрийгөө төвчлөх үзлээс үнэхээр чөлөөтэй болно гэдэг нь бусдад хэрэгтэй дүрийг сонгох чадвар ба өөрийн гэсэн жүжгээ тавьж чадахыг хлнэ. Амьдрал сайхан болж, хэтэрхий нухацтай байх алдааг гаргалгүйгээр бусдад тусалж чадна. Тэр нь зөв, энэ нь буруу гэж хатуу тогтоосноос болж бүх уян хатан байдлыг алдаж, өөрийн санааг зөв гэж баттай хамгаалах, эсрэг санаа болон түүнийг баримталж байгаа хүмүүсийг дайран үгүйсгэх үүрэгтэй гэж боддог. Гэхдээ зөв, бурууг ялгаж салгаж болохгүй гэсэн үг биш, харин тухайн хүн, зарчим хоёрын хүн нь илүү үнэтэй, хүнийг өөрчилж болно, зарчимыг өөрчилж болохгүй юм.
Хоол унд, орон байр, эм тан зэрэг түр зуурын амарыг энэрэнгүй сэтгэлээр өгөх нь сайн, гэхдээ хангалтгүй. Бусдад үнэхээр туслахын тулд зовлонгийн үндсэн шалтгаан буюу би хэмээх мунхаглалыг хэрхэн таних, түүнийг гэтлэн давах аргыг зааж өгөх хэрэгтэй юм. Тэр нь өөрийгөө төвчлөх мунхаглалыг даван туулахыг шаардахаас бус ном бичигт итгэхийг хэлэхгүй. Хүмүүсийг өөрсөддөө хөнөөлтэй тогтсон зуршлаа орхиход нь урам зориг нэмэхийн тулд тэдэнтэй харцаж чаддаг байх ёстой. Тэдэнтэй харьцахын тулд түвшинд нь зохицуулах ёстой. Амьдралын тайзан дээр тоглож байгаа жүжигчин гэдгээ санаж чадаж байгаа цагт өөрийн зарчмаас ухарсан гэж айлгүй, зарчимдаа үнэнч байх тал дээр санаа зоволгүйгээр бусадтай учир начиртай харьцаж чадна. Билиг ухаан түшсэн энэрэнгүй сэтгэл бол амьдралын төгс дүүрэн бөгөөд түүний зэрэгцжж бусдад тайвшрал, аз жаргалыг хүртээх бөгөөд түүний зэрэгцээ бусдад хайр, энэрэл хүртээснээрээ хариуд нь өөрөө дээдийн аз жаргалыг мэдэрдэг.
Та тэгвэл "Хортон амьтан, хүнийг мөн энэрэх хэрэгтэй гэж үү? Тэд нар зовж л байвал зохих шагнал нь тэр гэж баярлах хэрэгтэй юу? гэж асуух байх. Энэ асуултанд шууд "Үгүй" гэж хариулна. Зовлонг Ертөнцийн эзний гэсгээл эсвэл муу үйлийн үрийн боловсрол гэж үзлэг талтай ч бүгд л жаргахыг хүсдэг, зовлонгоос зайлсхийдэг нь яг адил учраас хортой гэж бодож байгаа хүн, амьтныг ч энэрэх хэрэгтэй. Үзэн ядах хийгээд бусдад зовлон хүсэж, өс хонзон санах нь компъютерийн хэллэгээр "үхлийн алдаа" юм. Уураар амар тайвныг хэзээ ч бүтээдэггүй ба харин ч бэрхшээлийг улам ихэсгэдэг. Амгалан хийгээд зовлонгийн жинхэнэ шалтгааны талаарх төөрөгдлөөсөө болж бид бүгд алддаг боловч үр хүүхдээ алдаа гаргасан ч уучилж, хайрласан хэвээр байдаг шиг бусдын алдааг мөн нигүүлсэн хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ алдаатай буруу явдлыг өөгшөөж, шийтгэж болохгүй гэсэн үг биш. Эсэргүүцэл, тэр байтугай шийтгэлийг ч гэсэн энэрэнгүй сэтгэлээр үйлдэж болдог.
Яагаад бүгдийг хайрлах албатай юм бэ? Яагаад гэвэл, бид урьд төрөлдөө төрөлхтөн бүхэнтэй удаа дараалан ойр шадар байсан юм. Хамаг төрөлхтөн урьд нь бидэнд зүйрлэшгүй их сайхан сэтгэлээр хандаж байсан бөгөөд бүгд бидний садан учраас тэднийг хайрлах нь зүй ёсны хэрэг.
Эдгээр үгсийг би их энэрэнгүй Ешэ багшийн айлдвараас сонссон бөгөөд та бүхэнд давтан хэлж байгаа юм. Тэглээ ч гэсэн би одоо болтол хувиа бодох үзэлтэйгээ тэмцэж байгаа бөгөөд тэр нь энэрэнгүй сэтгэл төрүүлэх чадварт саад учруулдаг. Буруу зуршлыг нэг өдрийн дотор өөрчилж чадахгүй нь ойлгомжтой. Тийм болохоор өөртөө л өчүүхэн энэрэх сэтгэл үзүүлж дураараа явна.

Гэлэн лам Түвдэн Жамц - Үйлийн үр

Үйлийн үр бол бидний сэтгэл хийгээд гадаад орчин хоёрын холбоосоор бүтсэн амьдралын хэв маяг юм. Гараг дэлхий болон түүнд агуулагдах юмс үйлээс хамаардаг гэдэг утгаараа биес үйлийн, сэтгэл бол үйлий үр, бүх юмс үйлийн үр юм. Үйлийн үрийн хууль бол энгийн юм: сэтгэлээр өдөөгдсөн бие, хэл, сэтгэлийн бүх үйлүүд тухайн санаагаар үйлдсэн үйлийн шууд үр дагавартай төстэй явдал ирээдүйд тохиолдоход холбож өгөх хүч бүхий чадамжийг сэтгэлд үлдээдэг. Бусдыг баярлуулах санаагаар үйлдсэн үйл ямагт ирээдүйн амьдралын сайхан явдалтай холбож өгөх чадамжийг бүтээдэг байхад бусдыг хорлох үйл ямагт ирээдүйд таагүй амьдралын явцтай холбож өгөх чадамжийг бий болгодог. Хэрвээ сэтгэлд тухайн амьдралын явцтай холбох үйлийн чадамж байхгүй бол зовлон ч бай, жаргал ч бай ямарваа нэгийг шалтгаангүйгээр амсах гэж үгүй.
Бидний сэтгэлийн урсгалууд эвдэршгүй бөгөөд тэргүүлшгүй цагаас эхлэн нэг төрлөөс нөгөө төрөлд эргэлдэхдээ урд төрлүүдийн цуурайг тоолшгүй олон үйлийн чадамжийн хэлбэрээр тээсээр байдаг. Сэтгэл дэх үйлийн чадамж үйлийн үр дагавар болж боловсрох хүртэл хэдэн төрөл дамжсан ч өөрийн чадамжийг хэзээд алддаггүй. Өчүүхэн төдий чадамж томоохон үр дагаварт хүргэх хүчтэй байдаг, учир нь тэд цаг хугацааны туршид арвижих хандлагатай байдаг. Юутай ч атугай эерэг сайн чадамжууд уурын нөлөөгөөр доройтох болон үгүй болж устах, мөн сөрөг муу чадамжууд гэмших сэтгэлд тулгуурласан дөрвөн ерөндөгийн нөлөөгөөр сулрах болон тэр байтугай үгүй болох бололцоотой.
Бидний бие, эд зүйлс, хүмүүсийн харилцаа гэх мэт амьдралын бүх л зүйлүүд байнгын өөрчлөлтөнд оршдог. Юу ч нэг мөчөөс дараагийн мөчид шилжих хүртэл өөрчлөгдөхгүй хэвээрээ байна гэж үгүй. Энэ бол үйлийн үр биш харин өөрчлөлт хувирлын ердийн шинж төлөв юм. Өөрчлөлт хувирлын далай дунд амьдралынхаа төлөө сэлэхдээ аз жаргалын аюулгүй газарт хүрэхийг оролдож, зовлонд живэхээс зайлсхийдэг. Эерэг чадамжууд бидний зүгт урсаж байгаа далайн давлага, муу чадамжууд нь бидний эсрэг зүгт урсаж байгаа далайн давлага ус юм.
Энэ үед уян хатан чанарын тухай ойлголт бүрдэнэ. Ихэнх хүмүүс үйлийн үрийн талаар огт мэдлэггүй байдаг бөгөөд амьдрал дунд түлхэлдэн оршихдоо шавхай онгичин амандаа таарсан сайн, муу бүхнийг идэх гахай адил амьдардаг. Үл мэдэхийн мунхагаас болж тэдгээр хүмүүс өөрсдийн сэтгэлд сайн, муу ямар ч сэтгэлийн түлхэцээ дагаснаар тухайн үйлийн хожмын үр дагавар юу болохыг мэддэггүй. Үйлийн үрийн тухай мэдлэг нь сэтгэлийнхээ ямар түлхэцийг дагах вэ гэдгийг сонгоход уян хатан байдлыг олгодог. Уур, амиа бодох, шунал зэрэг муу, хөнөөлтэй түлхэцийг сөрөн зогсож, энэрэнгүй сэтгэл, асрахуй, тэвчээр зэрэг зөв, бүтээлч зан байдлыг дадуулах хэрэгтэй. Амьдралын урсгалаар хөвөх модтой адил тэр чигтээ байхыг хүсэж байгаа бол энэ нь таны сонголт. Ухаантнууд давлага усыг хянаж чаддаг болж, үүрд далайгаас холдохыг сонгох нь лавтай.
Онолын хувьд, хэрвээ үйлийн үр гэгч байгаагүй бол алдаанаасаа суралцаж, зан байдлаа улам сайжруулах тусам амьдрал байнга аз жаргал өөд дэвших байсан. Харин бодит байдал дээр нас нэмэгдэх хирээр илүү аз жаргалтай болж чадахгүй байна. Бурханы шашин үүнийг түлхэц бүхий санаагаа жинхэнээр хянаж чаддаггүй явдалтай холбон тайлбарладаг.
Жишээлбэл, хэн нэгнийг баярлуулах бодлоор шоколад өгвөл, үүний зорилго нь ямар нэг хариу хүлээгээгүй бол бидний сэтгэлд эерэг үйлийн чадамж бий болдог. Хойд төрлүүддээ шоколаднаас хэзээ ч хоцрохгүй. Хэрвээ анхны сайхан санаа өөрчлөгдөж, шуналаас болж шоколадаа өөрөө идэхээр шийдвэл сэтгэлд муу үйлийн чадамж бий болдог. Түүний үр дагаварт хойд төрөлдөө бирд болж төрөх болзошгүй ба түүний дараа төрөлд хүн болж төрөхөд хэн ч шоколад өгөхгүй.
Дээрх хоёр үйлдэлд хамгийн гол хэсэг нь тэдгээрийн цаад санаа байсан. Эхний санаа нь бусдыг хайрлах буяны бодол байсан бол хоёр дах нь өөрийг эрхэмлэх шунал юмуу уур байсан. Эдгээр жишээнүүдийн хувьд сэтгэлийн үйлдэл болох санаа нь үйлийн үрийн шалтгаант тал юм. Санаат үйл нь өөрийн чадамжийг шинээр үүсгэсэн байх бөгөөд тэдгээр үйлийн чадамжууд үр дагавар болж боловсрохын тулд сэтгэлийг тухайн нэг зүйлтэй өөр нэг санааны тусламжтайгаар холбож өгдөг. Энэ хоёр дахь санаа бол үйлийн үрийн үрт тал бөгөөд түүгээр бий болох амьдралын туршлагыг үйлийн боловсрол хэмээдэг. Секунд бүрт шинэ тутам санаа үүсэж байдаг, гэхдээ тэдгээр бүгд нь үйлээс гарахгүй, зарим нь энэ насандаа бий болгосон сайн, муу зайн байдлын загвараас гардаг.
Амьдралын хүрдэнд тоолшгүй олон удаа төрлүүд, тэр байтугай сайн төрлүүд ч гэсэн бидний санаатай үйлдлүүдийн шууд үр дагаварууд байсан юм. Хэрвээ там, бирд, адгуус, эсвэл адгуусны муу төрлийг авахгүй байхыг хүсэж байгаа бол ухаанаа гаргаж, зөвхөн буяны үйлүүд- бусдад тусыг үйлдэх хэрэгтэй. Тиймээс үйлдэл бүрт түүнийг үйлдэх болсон зорилоо лавтай мэдсэн байх хэрэгтэй. Түүний дараа харин нүглийн санааны түлхэцийг дагах эсэх буяны санааг дагах эсэхээ сонгох бололцооттой. Бид дангаараа ирээдүйгээ шийдэх бололцоотой. Хэн нэгэн өөр хүн бидний хувь заяаг хянаж чадахгүй, үйлийн үр нь бидний сэтгэлд байгаа болохоос тэнгэрт байгаа аварга том данс хөтлөгчид биш.
Бид урьд нь олон удаа хүн болон тэнгэрийн төрөлхтөн болж төрж байсан боловч тэдгээр төрлүүдийн биеийн болон сэтгэлийн жаргалд шунасан хэвээр байдаг. Амьдралын хүрднээс бүрэн чөлөөтэй байхыг хэзээ ч үзэж мэдрээгүй нь бидний бүх үйлүүд бодит байдлыг үл мэдэх мунхагаар сэвтсэн байсан учраас тэр. Тэнгэрийн төрөлд төрөхөөс хамаагүй илүү нь нирваан буюу билиг ухаанаар мунхаглалыг устгаж, амьдралын хүрднээс гэтлэн гарахыг зорих юм. Ингээд, үлэмж их энэрэнгүй сэтгэлд тулгуурласан дээд зорилт бол хамаг амьтныг зовлонт төрлүүдээс үүрд гэтлэн гаргахад бүрэн эрдэмтэй болон тулд Бурхан болох зорилт билээ.